|
There are no translations available.
Төрийн өмчийн хорооноос "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хууль болон “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн хүрээнд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж ажилласан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хагас бүтэн жилийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэн дүгнэн товхимол гаргаж, холбогдох яам тусгай газруудад хүргүүлэн ажиллаж байна.
Төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж ажилласан хуулийн этгээдийг ангилж үзвэл:
- Төрийн өмчит үйлдвэрийн газар- 9,
- хамтарсан үйлдвэр -6,
- төрийн өмч давамгайлсан хувьцаат компани -3,
- төрийн өмчит компани - 45,
- бусад аж ахуйн нэгж - 3 байна.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 2 их наяд 498.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байгаа нь оны эхэн үеэс 2.4 хувиар буюу 58.0 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүний дотор үндсэн хөрөнгө 4.3 хувиар буюу 143.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. 2009 оны эхний хагас жилд дээрхи аж ахуйн нэгжүүд 43200 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж, нийт 829.5 тэрбум төгрөгийн орлого олж, 29.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс орлого 22.9 хувиар буурч, харин алдагдал нэмэгджээ. Түлш шатахуун, сэлбэг хэрэгсэл, материалын үнийн өсөлт, валюттай харьцах төгрөгийн ханшийн уналт, олон улсын төсөл, хөтөлбөрөөр хэрэгжсэн урт хугацаат зээлийн дамжуулан зээлдүүлэх гэрээний хүү өндөр, хугацаа богино, нүүрсний болон эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй, өөрийн өртгөөс нь хэт доогуур үнээр борлуулсан зэрэг хүчин зүйл алдагдалтай ажиллахад нөлөөлж байна. Аж ахуйн нэгжүүдийн урт хугацаат зээлийн валютын ханшийн бодит бус алдагдал оны эцэст 52,4 тэрбум төгрөг байсан бол эхний хагас жилийн байдлаар 66,2 тэрбум төгрөгт хүрч 26,3 хувиар буюу 13,8 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ нь алдагдал өсөхөд гол нөлөө үзүүлжээ. 2009 эхний хагас жилд эдгээр аж ахуйн нэгжүүд орлогын татварт 24.7 тэрбум төгрөг, ногдол ашигт 87.2 тэрбум төгрөг төсөвт тус тус төвлөрүүлсэн байна. Тайлан тэнцлийн нэгтгэлээс үзэхэд нэгтгэлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн 0.6 хувь нь Төрийн өмчит үйлдвэрийн газарт, 5.5 хувь нь төрийн өмч давамгайлсан компаниудад, 43.1 хувь нь хамтарсан үйлдвэрүүдэд, 45.6 хувь нь төрийн өмчит хувьцаат компаниудад, 5,1 хувь нь бусад аж ахуйн нэгжүүдэд тус тус ногдож байна. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн, орлого, үр дүн, авлага, өр төлбөрийн дүнг танилцуулж байна.
|